Ерөнхийдөө цагаан зай буюу whitespace нь хамгийн үндсэн утгаараа зохиомжийн бүх элементүүдийн эргэн тойронд болон хооронд юу ч тэмдэглэлгүй үлдээсэн зай юм. Ихэнх вэбсайт эзэмшигчдийн боддог шиг энэ нь дэлгэцийн зайг дэмий үрж буй хэрэг биш. Зөв ашиглавал цагаан зай нь бүтээгдэхүүнийг илүү сайн сурталчлахад бодит үр өгөөж өгч чадна. Энэ нь сайн дизайн бүтээх чухал түлхүүр бөгөөд вэбсайтыг бүхий л талаар илүү сайн болгодог.
Хэдийгээр цагаан зай (whitespace) гэдэг нэр нь зайг цагаан өнгөтэй гэсэн утга илэрхийлдэг ч заавал яг цагаан байх албагүй. Цагаан зай нь үнэндээ ямар ч өнгөтэй байж болох бөгөөд бүр үл мэдэг хээ эсвэл бүтэцтэй ч байж болно. Энэ бол хүний нүдийг бүү анхаараасай гэж хүсэж байгаа хэсэг юм. Үүнийг өөрөөр сөрөг орон зай (negative space)
Тэгвэл цагаан зай яагаад чухал вэ?

Шалтгаан #1: Уншихад хялбар болгоно
Суурь мөрүүд болон догол мөр хоорондын цагаан зай нь хүмүүст сайтын бүх агуулгыг ая тухтай уншихад бодитоор тусалдаг. Сайтынхаа жижиг нарийн ширийн зүйлсийг (мөр хоорондын зай эсвэл үсэг хоорондын зай гэх мэт) тохируулах нь уншихад хялбар болгоход асар их өөрчлөлт авчирч чадна.
Зорилго нь нүдэнд эвтэйхэн бүтцийг зохион бүтээх замаар хүмүүст үргэлжлүүлэн унших хүсэл төрүүлэх явдал юм.

Шалтгаан #2: Харилцан үйлдлийг хурдасгана
Нээлттэй хэлэхэд: танай ихэнх зочид вэбсайтуудыг үзэж байхдаа нарийвчлан харах хангалттай тэвчээргүй байдаг. Вэбсайт хэт бөөгнөрсөн харагдах үед энэ нь хэрэглэгчдийн хайж буй зүйлээ олоход нь саад болж, анхаарлыг нь сарниулдаг.
Цагаан зай нь зочны анхаарлыг хуудсаар хөтлөхөд туслах ёстой. Анхаарал татах гэж өрсөлдөх элементүүд цөөн байж, цагаан зайг зохистой ашигласнаар зочдыг саатуулах анхаарал сарниулагч хүчин зүйлсээс сэргийлж чадна.

Шалтгаан #3: Анхаарлыг зөв элементүүд рүү чиглүүлнэ
Цагаан зай нь хэрэглэгчдэд хаашаа харах ёстойг харуулсан харааны дохиог өгч чаддаг. Зөв ашигласан тохиолдолд цагаан зай нь мэдээллийг тодотгож, вэбсайтынхаа тодорхой нэг хэсэгт анхаарлыг татахад тусалдаг.
Бүх зүйл тодорч байвал юу ч тодорч харагдахгүй гэдгийг санаарай.

Шалтгаан #4: Анхны сэтгэгдэл чухал
Вэбсайтын өнгө төрх, ерөнхий сэтгэгдэл нь анхны сайн сэтгэгдэл төрүүлэх гол түлхүүр юм. Анхны сайн сэтгэгдэл нь ихэвчлэн зочлох хугацааг уртасгахад хүргэдэг. Хэтэрхий бага цагаан зай нь таны вэбсайтыг хямдхан бөгөөд найдваргүй харагдуулж мэднэ. Вэбсайт нь сэтгэл татам харагдахгүй бол зочид уг сайт болон брэндийг найдвартай гэж үзэхгүй. Хангалттай хэмжээний цагаан зайтай байх нь таны вэбсайтын зөв өнгө аясыг бүрдүүлэхэд тусалдаг. Цагаан зай нь шинэлэг санаа, шинэлэг байдал, заримдаа дэгжин чамин байдлыг илэрхийлэх арга зам болж чадна.
Зөвлөгөө: Вэб дизайныг хэрхэн энгийн бөгөөд танил дасал болгох.

Шалтгаан #5: Амьсгалах орон зай, тэнцвэрийг бий болгоход тусалдаг
Тэнцвэртэй дизайн гэдэг нь тэгш хэмтэй байна гэсэн үг биш. Том хэмжээтэй дизайны элементийг хэд хэдэн жижиг элементээр тэнцвэржүүлж болно. Цагаан зай нэмэх нь хуудсан дээрх өөр өөр хэмжээтэй дизайны элементүүдийг тэнцвэржүүлэх гайхалтай арга юм. Хэрэглэгчийн нүд ийш тийш үсчихгүй байхаар урсгалыг бий болго. Сайн дизайн нь зочныг төөрөгдүүлэлгүйгээр нэг цэгээс нөгөө цэг рүү чиглүүлж чаддаг байх ёстой.
Дүгнэлт
Дараагийн удаа та ямар нэгэн вэбсайтаар зочилж, хэсэг хугацаанд саатаж байгаагаа анзаарвал таныг юу тэгж тогтоон, уншуулсныг бодоод үзээрэй. Мөр хоорондын зай нь нийтлэлийг уншихад илүү хялбар болгосон гэж бодож байна уу? Энэхүү туршлага нь танд дахин дахин зочлох сэдлийг төрүүлж байна уу? Навигац цэсийг хайж олоход хүндрэлтэй байсан уу?
Вэбсайт дээр цагаан зайг хэрхэн сайн ашигласныг анхаараарай. Хэрэв энэ нь таны вэбсайтад ч бас тохирохоор байвал өөрийн хүссэн “урсгал”-ыг алдагдуулахгүйгээр зөв өнгө аяс, уншигдахуйц байдлыг бий болгож чадлаа гэж үзэх хүртлээ элементүүддээ хэр их зай хуваарилахаа сурч, зохицуулаарай.
Аливаа вэбсайтын эцсийн зорилго бол харилцаа холбоо юм. Харагдах үзэмж сайтай байх нь танай вэбсайтын амжилттай салшгүй холбоотой.